Friday, August 26, 2011

Sunday, August 21, 2011

Чамайгаа санахаар ...

Чамайгаа санахаар ...
Чанга тэврэлтийг чинь санахаар ...
Үүлэн цаанаас наран мандан мишээж
Үлэмж илчээ зүрхэнд минь шингээн бадамлах мэт

Tuesday, August 2, 2011

Зам

     Амьдралын олон салаа замаар замнан яваа найз нөхөд та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье.    
     Олон цэгт мэндэлсэн ч хүний ертөнцийн тавилангаар нэгэн замд огтлолцсон нөхөд минь орчлонгийн жамыг даган зарим нэгэн нь салан одоход уйтгарлан суугаа нөхөр би нэлээдгүйг эргэцүүлнэ. Олныг эргэцүүлэн гунигт автан  ийн суухын зуур  тамхи татдаггүй би хүртэл түүнд дурлан мансуурч, түүний утаа уйтгарын их үүлс мэт намайг нөмрөн суунаглана.

Monday, June 20, 2011

Би салхитай ярилцагч ...

 

Арын сайхан хангайнхаа оргил дээр нь гарч суугаад
Амгалан уужуу амьсгалж  хааяа нэг санаа алдахнээ
Алсад сүндэрлэн цэнхэртэх ноён богд хайрхан
Аальгүй үүлэн дагинасаа наадуулан, завилан мишээх 
                                                                     мэт жаргалтай

Monday, May 30, 2011

Тайвшрал

    Нялх ногооны тансаг үнэрт амьсгал уужирч, хээрийн салхинд илбүүлэн, хөдөө нутгийн ариун  сайхныг ажиж хэвтэхийн жаргалыг бий сайн санадаг. Сүргийн бэлчээрт хонь хариулж явсан хүү надад, тэр л цаг мөч жинхэнэ тайвшралыг бэлэглэдэг байлаа. Хүний хорвоод хийсэн бүтээсэн зүйлтэй үлдэхийн ухаанаар, эрдмийн мөр хөөсөн минь намайг урт бас гэгээлэг замд нэгэнтээ хөтөлсөн. Миний өнөөдрийн зогсоол түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатар нийслэл хот.  

Wednesday, May 25, 2011

Зүүдлэлээ ...

Би түүнийг зүүдлэлээ
Булбарайхан царай нь мишээж байгаагаар зүүдлэлээ
Борхон зүрх минь хүсэж байснаараа зүүдлэлээ
Би түүнийгээ зүүдлэлээ

Monday, May 23, 2011

Амьдралын өмнө

    Энэхүү бичлэгийг уншиж байгаа эрхэмсэг хүмүүн танд энэ өдрийн бас шөнийн мэнд хүргэе. Блогтоо бичлэг оруулалгүй удсандаа хүлцэл өчье. Надад болон миний блогт хандан зурвас үлдээсэн нийт анд найзууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа мөн илэрхийлье.
    Блогтоо бичлэг оруулаагүй өнгөрсөн богинохон цаг хугацаа миний хувьд нэлээдгүй завгүй бас тун чухал үе байлаа. Сургуулиа төгсөх гэж шалгалтууд ар араасаа цувраад, нэг хэсэг толгой өндийлгүй ном уншлаа. Тэгээд нэг шалгалтууд дуусаж жаахан амсхийгээд байтал хонхны баярын уур амьсгал ид өрнөж эхлэх нь тэр. Тун удалгүй тангарагийн баяр ч болж хүсэн хүлээсэн ромбо дипломоо авав. Диплом, их эмчийн тамгаа аваад анх удаа дарж үзсэн тэр мөч миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг болон үлдсэн.  
  Ингээд маргааш нь, ажил амьдралын талаар төдийлөн нухацтай бодолгүй, аз жаргалтай явсан оюутан нас өнгөрч амьдрал ганцхан алхамын цаана ирэх нь энэ.

Monday, April 25, 2011

Их хааны маань тухай ном бага санал авах учиргүй


    Чингис хааны Монголын түүхийг яруу сайхнаар өгүүлсэн "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан" ном AMAZON.COM-ийн 2011 оны ШИЛДЭГ НОМ-ын сүүлийн даваанд өрсөлдөж эхэллээ. Эхний дөрвөн даваандаа итгэлтэй ялж ирсэн ч сүүлийн давааны өрсөлдөөн Чингис хааны тухай номын хувьд маш хүнд байна. Одоогоор Чингис хааны маань тухай ном 46:54 харьцаагаар ялагдаж явна.
    Вьетнамын дайны тухай өгүүлэх “Matterhorn” хэмээх өрсөлдөгч ном нь AMAZON.COM –ын оны шилдэг номоор шалгарч байсан хүчтэй өрсөлдөгч юм. Энэ номын ард Вьетнамын дайны ахмадуудын нийгэмлэг бий бөгөөд хүчтэй байнгын санал өгөлтөөр хоёр өдрийн турш манлайлж явна.
    Хэрвээ "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан" ном энэ өрсөлдөөнд ялбал 2011 оны уншигчдын таалалд хамгийн их нийцсэн дэлхийн шилдэг сонсдог ном цомын эзэн болох юм. Үүний цаана Монгол орны түүх, соёл, өнөөгийн улс орны маань сурталчилгааны томоохон боломж бий юм.
    Дөч гаруйхан жилийн өмнө болсон бүс нутгийн шинжтэй тулалдааны үйл явц нь 800 жилийн өмнө дэлхийн түүхийг өөрчилсөн бидний аугаа их өвөг дээдсийн түүхээс илүү үнэ цэнэтэй, илүү ач холбогдолтой байх учиргүй.
   Иймд интернет хэрэглэгч нийт монгол уншигчиддаа энэхүү санал асуулгад маш идэвхтэй оролцохыг уриалж байна. Ирэх долоо хоногийн даваа гаригийн шөнө буюу 4 сарын 25-ны шөнө гэхэд дэлхийн шидэг ном шалгарчихсан байх болно. Түүнээс өмнө амжиж өдөр бүр боломж бүрийг ашиглан санал өгнө үү.
    Бид дор хаяж 10 000 санал өгч байж энэхүү өрсөлдөөнд ялах юм. Арай ч дээ, бүхэл бүтэн улс, үндэстэн байж Их хааныхаа нэр төрийг өргөсөн номын төлөө нэг нийгэмлэгийн гишүүдээс бага санал өгөх учиргүй.
Дараах хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
www.jwf.mn

Tuesday, March 22, 2011

Friday, March 11, 2011

Monday, March 7, 2011

Хайрт ээждээ Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе


Хан хорвоод аль хэдийн эр болон өссөн ч
Хайраар дүүрэн ижийнхээ харцанд би нялхарч
Хоромхон зуур балчир болон хувирна

Зүрх сэтгэлийг минь тэтгэгч буянт ижийдээ
Зөвхөн ганцхан үнсүүлэх зуур л
Зөнт итгэлийн хорвоод ариусан хүү нь жаргана 

Ухаарах ухаарлын энэхэн амьдралд 
Уяхан зөөлөн ижийн минь гар л
Урам хайрлан хүүгээ адислана

Хүсэл сэтгэлийн минь даль жигүүрт
Хөөрхөн ижий минь үргэлжид мишээж
Хүний хорвоогийн эрээн барааныг
Хүн сэтгэлээр туулах хүчийг үрдээ хайрлана

Ариун хэвэлдээ тээж өсгөсөн
Ачтан гэвэл танаас минь өөр хэн ч үгүй
Амьдрал тэмцлийн замд хүмүүн болгосон
Буянтан гэвэл ижийгээс минь өөр хэн ч үгүй

Хайрт ээждээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

Хүмүүн заяат та ижийгээ баярлуулж яваарай.    

Thursday, March 3, 2011

Wednesday, February 23, 2011

Friday, February 11, 2011

Bruno Mars - Grenade

Монголын нууц товчоонд нэвтрэхүй

    Монголчууд бид өөрсдийгөө тив дэлхийд тэнгэр заяатай гэж ярих дуртай улс. Үнэхээр ч тийм гэж би итгэдэг. Угсаа гарлаараа, оршин байгаа газар нутгаараа, агуу түүх соёлоороо ч тэр бидний монголчууд яахын аргагүй дээд язгууртай. Тэгвэл энэ агуу соёл, яруу шаштирын минь түүхэн гэрч болсон нэгэн судар байдаг нь Монголын нууц товчоо билээ.
    Тэнгэр заяат өвөг дээдсийн минь сод билиг, оюун нэвт шингэсэн энэхүү судраа өнөөдрийн дэврүүн сэтгэлээр дүүрэн яваа бид хэр сайн мэдэх вэ. Хэрвээ сайн мэдэхгүй бол зайлшгүй мэдэх шаардлагатай, мэдэх цаг нь ч хаяанд иржээ. Түүхээ мэдэхгүй хүнийг ойд төөрсөн сармагчинтай зүйрлэдэг хүмүүс чинь угтаа бид шүү дээ. 
    Та монгол хүн болж төрсөн л бол нууц товчоогоо мэддэг байх хэрэгтэй, агуу түүхээ амаараа ярьж бахархах, гайхуулах чадвартай, мэдлэгтэй байх хэрэгтэй. Яг энэ л зорилгын дор хэсэг монгол ахан дүүс маань санаачлан "Монголын нууц товчоонд нэвтрэхүй" уралдаант нэвтрүүлгийг зохион байгуулахаар болжээ. 
    Үүнд монгол хүмүүн та нэгдэгтүн.





Дэлгэрэнгүй мэдээллийг www.nuutstovchoo.mn -ээс

Sunday, February 6, 2011

Миний омогшил

Би бахархдаг
Бахархал гэдэг өөрөө омогшил дагуулдаг
Би омогшдог
Би эх орныхоо онгон байгалиар бахархаж омогшдог
Би талын Монголын малчин эцгийн сүрээр бахархаж 
Түүгээрээ би омогшдог
Өвгөдийн үлдээсэн агуу өв соёлоороо бахархаж би омогшдог
Өнчин ишгийг өөрийн үр мэт хайрлан өсгөх 
Өр зөөлөн их түмнээрээ бахархаж омогшдог
Би омогшдог

Wednesday, February 2, 2011

Сар шинэдээ сайхан шинэлээрэй


Илжиг хэмээгч төмөр Туулай жилдээ 
Өвгөдийнхөө сургаалиа сонсон ухаанаа нэмж 
Өрөөлийн төлөө сэтгэн буянаа хурааж 
Өргөн их тал нутгийнхаа уужимд сэтгэл баясаж
Өр зөөлөн Монгол түмэн минь сайхан шинэлээрэй

Sunday, January 30, 2011

Бохирдол

Хамаг гуниг, гомдол, бэрхшээл, харуусал бас зэвүүцэл, хорсол гээд
Халтай бодлын бөөмсөө хамж, хүчит голын урсгалд би хаялаа
Энэрэнгүй, хайрлах сэтгэл минь л үлдсэн гэж төсөөлөөд эргээд алхтал
Энэ бие минь норж би өөрөө голд урсаж буйгаа мэдлээ
Даан ч яав даа хүмүүн би
Дагширтал нь юунд удаав даа
Зүрх сэтгэлээ бүрэн эзлэгдэхээс нь өмнө
Зав гаргаж заримыг нь ч болтугай цэвэрлэж байх минь яав даа

Хорвоог харах сайхан

              Алтан нарны туяаг харахгүй
              Аглаг талын зэрэглээг харахгүй
              Ачит ижийнхээ өтөлснийг харахгүй 
              Ажилдаа нухлагдах аавыгаа харахгүй 
              Амь нэгтэй ахан дүүсээ харахгүй 
              Айлын охидын үзэсгэлэн гоог харахгүй
              Хаа нэгтээ би үүнийг өөрөө туулсан мэт 
              Хамаг сэтгэлийг минь гуниг нөмрөн сүүдэрлэнэ.

Friday, January 28, 2011

Ice top - Am asuuy

   Арван жилд байхаасаа бусад өсвөр насны хүүхдүүдийн хийдэг, хэлдэг, сонирхдог бүхнийг сонирхож явлаа. Тэр дундаа хип хоп урлагийг илүүтэй сонирхож бас ч үгүй янзын янзын зүйл рүү сарамддаг байж. Хамгийн ихээр сонсдог, дуурайж дуулдаг байсан хамтлаг дуучид гэвэл монголоос мэдээжийн хэрэг Ice top орно. Тэдний хийсэн дуу бүрийг сонсч, үгийг нь цээжлэн үе тэнгийнхэнийхээ дунд багагүй онгирдог байсан цаг олон. Хэдийгээр би урлагаар хөөцөлдөж яваагүй, миний сонгосон мэргэжил ялангуяа энэ урсгалаас дэндүү хол байсан ч гэсэн би хип хоп урлагт дуртай. 
    Энэ удаад Ice top-ынхон маань нэлээдгүй өвөрмөц шийдэлтэй нэгэн дуу гаргажээ. Утга агуулга, санаа сэдлийн хувьд ч, өнгө аялгуу темпийн хувьд ч тэр, ер нь л бүх зүйл нь их таалагдсан учир дууг тавьлаа. 
Ice top-д амжилт хүсье.
Бас ойн баярын мэнд!

Tuesday, January 4, 2011

Тунгалаг усан дусал

              Эхийн хайр - тунгалаг усан дусал
              Элбэрэлт эхийн минь надад унагасан дусал бүр
              Энэ биений минь хүсэл бүрийг тэтгэн бойжуулж
              Эгэлхэн нэгэн горхи болон урсана

              Сэтгэл зүрх энгийн энэ горхи
              Сэвэлзүүр салхитай хамт хоржигнон урссаар
              Эх байгалийнхаа ариун хэвэл дээр 
              Ирээдүйн их мөрөн болно гэж зүтгэнэ


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP