Энэхүү бичлэгийг уншиж байгаа эрхэмсэг хүмүүн танд энэ өдрийн бас шөнийн мэнд хүргэе. Блогтоо бичлэг оруулалгүй удсандаа хүлцэл өчье. Надад болон миний блогт хандан зурвас үлдээсэн нийт анд найзууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа мөн илэрхийлье.
Блогтоо бичлэг оруулаагүй өнгөрсөн богинохон цаг хугацаа миний хувьд нэлээдгүй завгүй бас тун чухал үе байлаа. Сургуулиа төгсөх гэж шалгалтууд ар араасаа цувраад, нэг хэсэг толгой өндийлгүй ном уншлаа. Тэгээд нэг шалгалтууд дуусаж жаахан амсхийгээд байтал хонхны баярын уур амьсгал ид өрнөж эхлэх нь тэр. Тун удалгүй тангарагийн баяр ч болж хүсэн хүлээсэн ромбо дипломоо авав. Диплом, их эмчийн тамгаа аваад анх удаа дарж үзсэн тэр мөч миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг болон үлдсэн.
Ингээд маргааш нь, ажил амьдралын талаар төдийлөн нухацтай бодолгүй, аз жаргалтай явсан оюутан нас өнгөрч амьдрал ганцхан алхамын цаана ирэх нь энэ.
Сурсан мэдсэнээ улам баталгаажуулан хөгжүүлж, хүмүүний эрүүл энхийн төлөө зүтгэнэ гэж бодохоор өөрөөрөө бахархах мэт санагдавч, хүний алтан амийг хариуцах асар өндөр хариуцлага хүлээнэ гэхээр өөрийн эрхгүй бас эмээх сэтгэл төрөх л юм. Тэр дундаа хүүхдийн эмч гэх ариун нэрийг үүрч явахын тулд би илүү их хөгжих ёстой, бас надаас, илүү их хичээл зүтгэл гарах ёстой гэсэн бодол өөрийн эрхгүй дотоод сэтгэлийг минь эзэмдээд байна.
Тийм ээ, би хүүхдийн эмч. Энэ л нэрийг хүндэтгэлтэйгээр, хариуцлагатайгаар хэлж өндөрт өргөж явах нь миний эрхэм үүрэг билээ. Бас хүндэт багш нараас минь өгсөн, амьдралын минь ариун даалгавар хэмээн ойлгоном.
Энэ Агуу Монгол орныхоо энхрий бяцхан үрсийн эрүүл мэндийг хамгаалахаар зориулагдсан хувь заяандаа, бас энэ л замыг сонгохоор шийдвэр гаргасан, тэр л цаг хугацаанд би туйлын их баярладаг.
Ингээд өнөөдрөөс би хүүхдийн их эмч. Үүрэх их ачаатай ч, үүцлэх их хүндэтгэлтэй явахын төлөө би хичээх болно оо.
Цаашид блогоо аль болох тасралтгүй хөтөлж байх учир анд нөхөд та бүхнийг санал бодлоо чөлөөтэй илгээж, ариун гэгээн амьдралын төлөө, шинэ үеийн ертөнцийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсье.
жиргэе!
5 comments:
Ikh goy bichjee...
Za amjilt xusey!!!!
za amjilt andaa
Bayar hurgey!!!
Sain emch bolooroi :D
Bugdeerend ni bayarlalaa
Post a Comment