Шөнийн 02.25 цаг болж байлаа. Утас дуугарч үүрэгт ажлын хувьд би дуудлаганд гарлаа. Хайлаастын гэх тодотголтой нэгэн айлын дуудлага. Нойр хичнээн хүрч, ядарч байсан ч энэ бол миний сонгосон мэргэжил, бас ажил. Айлын хашааны хаалгаар орж өрх нь гэрэлтэж буй гэрийн зүг яаравчлан алхахын хамт нялх хүүхдийн чарлах чимээ тодрон тодорсоор.
Гэрт орж хамгийн түрүүнд хүүгээ тэврэн холхих ээжийг олж харлаа. Өвлийн хүйтэн шөнө учир чагнуур бас гараа пийшинд ээн, жингий нь гаргаад хүүхдийн зовиур, бас бус зүйлсийг асууж тодруулав. Гэрт залуу ээж хүүгийн хамт, мөн дунд сургуулийн насны бяцхан охин гурвуулахнаа. Ингээд үзлэг эхэлж 2 сартай хүүгийн чих нь өвдсөн нь тодорхой боллоо. Би өвчин намдаах лааг хийн, зөвлөгөө өгч, эмийн жор бичихээр бэлдэв. Ийнхүү жор бичин шаардлагатай эмийг үлдээн тэднийхээс гарлаа. Энэ зуур:
Сандарсан, ядарсан, айсан бас хамаг хөлс нь цувсан тэр залуу ээжийг хараад өрөвдөх, хүүгээ гэсэн түүнийг хүндэтгэх сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
Тэднийхээс гарах үед хүү ч тайвшрав. Хүү нь уйлахаа больж тайвширсанд ээж нь харваас баярлана. Хөлсөө арчиж, хайр дүүрэн мишээлээр нялх үрээ үнсэнэ. Гэрт үлдэх ээж, хашааны хаалга хүртэл намайг үдэж өгөх жаахан охин 2 "баярлалаа эмч ээ" гэх үгийг ээлжлэн урсгана. Энэ л үг бидэнд ид шидийн мэт их эрчмийг өгдөг. Дараагийн дуудлага руу явах замдаа би олон зүйлийг эргэцүүлж явлаа.
Ээж минь хэдэн шөнийг энэ эмэгтэйн адил өнгөрүүлсэн бол, хэдэн шөнө надаас болж нойргүй хоносон бол. Би хэдэн удаа өвдөж ээжийгээ сандаргасан бол. Лав ухаан орсноосоо хойш хоолой өвдөж халууран олон шөнө эхийгээ зовоосноо би сайн санадаг.
Гэвч тэр надад нэг ч удаа гомдоллож байгаагүй. Тэр нэг ч удаа надаас хариу нэхэж байсангүй.
Энэ ээж ч гэсэн хэзээ ч хүүдээ гомдохгүй, бас хариу нэхэхгүй. Тэр үхэн үхтлээ, бяцхан хүү нь хэдий том эр болсон ч, нялх үр минь хэмээн энхрийлэн хайрлана.
Энэ бол эхийн сэтгэл, бурхнаас заяасан их хишиг гэлтэй.
жиргэе!
0 comments:
Post a Comment