Thursday, June 17, 2010

Шинэ эриний тухай (4) - Эзотерикч Сома

Гумилевын үзэж байснаар монгол хүн Азийн зүрхэнд асар их энергийн даралт дор оршин тогтнож ирсэн нь санамсаргүй зүйл биш ээ. Ердөө л 700000 хүн амтай байсан Монголчууд 13 дугаар зуунд өчнөөн олон сая хүнтэй ази европын олон орнуудыг эзэлснээр, Евроазийг бүхэлд нь эрхшээлдээ оруулан ноёрхож байсан хүн төрөлхтний түүхэн дэх цорын ганц үндэстэн билээ. 
Монгол хүн заяа буянаар олдсон энергийн нөөц бололцоогоо эцэг өвгөдийн сүнс ч баярлах тэмцэл - гэрэл гэгээний төлөөх тэмцэлд ухамсартайгаар өргөвөл, Майдар бурханыг үеийн үед хүлээж, нартын амьдралыг орхихдоо Шамбалын оронд уулзах ерөөл тавин буцдаг байсан ухаант өтгөсийнхөө мөрөөдлийг биелүүлэх бус уу? Сэтгэлд гэрэл гийвээс, буян хурж, эд материал ч аяндаа хүссэн хэмжээгээр ирэх болно. Гэгээн сайхан идеал, туйлын хүслэнгийнхээ төлөө өөрийгөө золиослоход бэлэн няцашгүй дайчин чанар генд маань бий. 

Энэ л монгол үндэстэний бусдаас ялгарах онцлог мөн. Азийн бүү хэл дэлхийн өөр ямар үндэстэн бурханы орныг Замбулин тивд буулгах Шамбалын дайны дайчид байх орь хүслэнтэй байсан юм бэ? Мөхөж буй төвдүүдээс гадна зөвхөн Монголчууд шүү дээ. Монголчуудын бас нэг онцлох шинж бол байгалиа шүтэж, зохицож амьдардаг, зурхайн ухаанд нэвтэрхий мэдлэгтэй байсан явдал юм. Байгальтайгаа зохицон амьдрах энэ зарчим нь хүн төрөлхтөний гажихгүй баримталваас зохих зарчим байсан. Гэтэл барууны хүний өөрийгөө дөвийлгөсөн биеэ тоосон ихэрхэл, явцуу бодол нь байгалиас тасрахад хүргэж, энэ иргэншлийг мухардалд хүргэсэн билээ. Байгалийг шүтэх гэдэг нь мөргөл хийж, хишиг гуйх хэмээсэн хэрэг биш, байгалиас хуулийг алхам алхмаар эзэмшин амьдрал ахуйдаа удирдлага болгох явдал билээ.  
Монгол хүн байгалийнхаа асар мэргэн зөн совингоороо ахас ихэсийг хүндлэн, гараг дэлхийгээ амьтай хэмээн мэдрэн, ганц чулууг ч байрнаас нь зүгээр нэг хөдөлгөхөөс эмээдэг байжээ. 
   Заяамал энэхүү билиг оюунаа омтгойлсон одоогийн Монгол хүн гэтэл япон, солонгос, америк сэтгэлгээ, моод загвар, сэтгэлгээ хэв маягийг сохроор хуулбарлан дуурайснаараа унаган төрхөө алдаж бусдад шингэх уусч устгах эмгэнэлт явдлыг ёрлож байна. 
   Монгол хүн өвөг дээдсийн бидэнд уламжлан үлдээн гэрээсэлсэн орь хүслэнг ухамсарлан, Галын эрин үеийг сэтгэл зүрхээрээ мэдрэн хүлээн авч, доод биеэ дээд биедээ захируулан номхотгон шинэчилж, Шамбалын дайчид болох өвөг дээдсийн орь хүслэнг ухамсарлах нь энэ үндэстний цорын ганц авралын зам билээ. 
   Үгүй бол хурааж хуримтлуулсан эд агуурс, байшин сав, мөнгө цаас чинь галын дөлөнд хормын зуурт хуйхлагдан, үнс чандруу болон хийсэхэд, галын урсгалыг түлэгдэх ч үгүйгээр хүлээн авдаг ганц эрхтэн – зүрхээ, сэтгэлээ энхрийлэн шүтэх ёстой байснаа ухаарч халаглалаа ч нэгэнт хожимдсон байх вий.     Монгол эр хүн, өнгө үзэгдлийн хиймэл будмал дүрийг биш, эмэгтэй хүний сүү шиг ариун сэтгэлийг хайрлаж дээдэлж сурвал, бие сэтгэлийн хүч чадал, чалх тэнхээ нь хэзээ ч харихгүй.  
   Дэлхийн хамгийн хүчирхэг эзэд хаад хөлөг баатруудыг олноор төрүүлсэн, хүчирхэг үндэстний үр хойч болсныхоо хувьд, шинэ эриний галын урсгалд зүрхний хаалгаа нээж, дэлхий дээр хэзээд нэг номерын дайчид байсан төрөлх эрх дархаа хэрэгжүүлэх, завшааныг бүү алдацгаа, монгол эрчүүд ээ. 
   Эмэгтэй хүний турьхан мөрөн дээр амьдралын хамаг хүнд ачааг үүрүүлээд өөрсдөө ажил хөдөлмөр зугаа цэнгэлийн аль хөнгөнийг хайж, архидан хөлчүүрэх хэвшилтэй болсны гайгаар, сулбайн доройтож, хэргээс гаран, энэ үндэстний удмыг таслахад хүргэж байгаа тань даанч харуусмаар байна.
   Майдарын эрин бүсгүй хүний гоо сайхан, уудам зүрх сэтгэл, тэвчээр хүлцлийг магтан дуулж, дээдлэх болно. Эмэгтэй хүн дутуу гаргаж байсан нөөц бололцоогоо саадгүй хэрэгжүүлэн хүчирхэгжүүлэх энэ эринд, эр хүн бүсгүй хүнээс улам хүчтэй баймааж, хүний үр удам тасрахгүй шүү дээ. 
   Үнэн хэрэгтээ эрчүүдийн урдуур сайн дураараа орон гүйж, тэдний ачааг мөрөндөө үүрснээрээ, эмэгтэй хүн хожихоосоо илүү, дотоод дахь бүсгүй нандин чанар, зөөлөн ялдам аалиа гээж, харин ч өөрсдийгөө улам хохироосон. Тэгээд бүр сүүлдээ эрчүүдийг тогтоон барих хямдхан, хамгийн дорд арга руу шилжин, эмэгтэй хүний нандин ариун чанараа гээж эхэлсэн. Ямагт бэлэн зэлэн, тачаангуй байхыг эмэгтэй хүний дээд ур чадвар хэмээн бусад бүх чанарын дээгүүр өргөмжлөх болсон биш гэж үү? Угтаа энэ бол хамгийн муу якчис эмсийн башир арга, хүний охь шимийг сорж, тэнгэрлэг ариун бүгдээс хагацуулан, амьдаар үхдэл болгоод, тамын ёроолд хаядаг хор байлтай. Энэ гажуудлыг зайлшгүй засах залруулах хэрэгтэй. Дарь эх, гэгээн охин тэнгэрүүдийн халааг, якчис эмсээс ялган шигшиж буй эрин цагийн урсгалд хөл алдахгүй, хүч тэнцвэргүй тулаанаас ялан дийлж гарах эр зоригийг, хайрт нөхөртөө ч найдалгүй, ер хэнээс ч эрж хайлгүй, зөвхөн өөртөө найдан, бүсгүй хүн өөрөөсөө олж, хэрэгжүүлэх цаг ч ирсэн байна. Ийм зоригийг эмэгтэй хүнээр өөрөөр нь олуулж, хэрэгжүүлэхийн төлөө л, өрөөлд байтугай, өөртөө ч зориулан гаргах тэнхээ чадалгүй болтлоо эр хүйс түр зуур амралтанд сууж “доройтсон дүрд” орсон бололтой.  
   Галд бузар бусармаг бүгд тонилон устаж, ариун бүхэн хайлалгүй үлдэж, харин улам илүү өнгө гэрэл орон гялалзах болно. 
   Үүнийг анхааран уншсан авгай, авхай та сэтгэлээ ариусган, ухаанаа хурцлан, зоригоо хөвчлөн энэ өдрөөс эхлэн гэрэл гэгээний талд ухамсартайгаар дайтагч дайчин болно гэдэгт найднам. Энэхүү нийтлэл сэтгэлийг тань доргион хөвчилсөн аваас далд нандин гүн ухааны дуслаас танд хүргэх миний зориг хөгжин урамших болно.

Энийг уншив: Шинэ эриний тухай (4) - Эзотерикч Сомажиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP