Tuesday, November 30, 2010

Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ - О.Дашбалбар


Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнээ харанхуй нүх рүү битгий түлх
Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй тэрийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамайг хайрласаных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч 
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүнийг дээр өргөж аргад
Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлдаг ч
Өөр нэг өдөр чи уйлж цаадах чинь дуулах болно
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла
Өргөн хорвоод хүн гэгч хайраар дутаж болохгүй
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
              Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
              Алив сайхнаа бусдаас битгий харамла
Энийг уншив: Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ - О.Дашбалбаржиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP