Дөнгөж төрөөд энэ хорвоотой танилцаж буй энхрий үрсийн тань эрүүл мэндэд хөхний сүү олон талын ач холбогдолтой. Хөхний сүүгээр хооллож байгаа хүүхэд өвчлөх нь бага байдаг. Хүүхдийг 6 сар хүртэл нь зөвхөн хөхний сүүгээр хооллож, дараа нь нэмэгдэл хоолонд оруулснаар хүүхэд хэрэгцээт шимт бодисоо хангалттай авч, хэвийн өсөж бойжих нөхцөл бүрдэнэ.
Хөхний сүүний ач холбогдол:
- Хөхний сүүгээр хооллодог хүүхэд тэжээвэр хүүхдийг бодвол суулгалт, хоол боловсруулах замын халдвар, амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөх нь бага байдаг.
- Бифидус хэмээх хүчин зүйл нь хүүхдийн гэдсэнд тусгай бичил биетэн өсөж үржихэд нөлөөлдөг бөгөөд энэ нь эмгэг үүсгэгч бусад нянгаас хамгаалдаг.
- Үрэвслийн эсрэг олон хүчин зүйлс агуулах ба үрэвсэл явагдах шалтгааныг бууруулдаг.
- Хөхний сүүний амьд эсүүд болох лимфоцит, макрофаг нь аливаа өвчний үүсгэгчийг устган бие махбодийг халдвараас хамгаална.
- Хүүхдийг эхийн өвчнөөс хамгаалах эсрэг бие хөхний сүүнд агуулагддаг.
- Өсөлтийн хүчин зүйлс нь хүүхдийн өсөлт, бойжилт, дархлалын ба төв мэдрэлийн тогтолцоо, арьс зэрэг эрхтний өсөлт хөгжлийг хангаж байдаг.
- Хөхний сүү вирус, шимэгч хорхойн эсрэг хүчин зүйлс агуулдаг.
- Хөхний сүүний уураг казеин багатай, тогтоц нь зөөлөн, хурдан шингэдэг учир харшил үүсгэдэггүй.
- Хөхөөр хооллох үед хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо хурдан хөгжиж, харийн уураг нэвтрэн орж, харшил үүсгэхээс сэргийлдэг.
- Харийн уураг нэвтрэлт багассанаас харшлын хариу урвал үүсэхээс илүү дархлаа тэвчил үүсгэдэг.
- Цайр, ханаагүй өөхний хүчлүүд зэрэг шим бодисууд нь хүүхдийн дархлалын тогтолцоо гүйцэд хөгжихөд нөлөөтэй.
- Хүүхдийн тархи, мэдрэлийн хөгжилд онц чухал ач холбогдолтой цистейн, таурин амин хүчлүүд агуулдаг.
- Төмөр цус багадалтаас зайлшгүй сэргийлдэг. Үхрийн сүүн дэх төмрийн зөвхөн 10% нь шимэгддэг бол хөхний сүүний нийт төмрийн 50% нь шимэгддэг.
- Хөхний сүүнд А, С амин дэм хангалттай хэмжээгээр агуулагддаг.
- Хэрэв эх А амин дэм ихтэй хоол хангалттай иддэг бол хөхний сүү А амин дэмээр баялаг байна. Иймд хөхний сүү хүүхдийг 2 нас хүртэл нь хэрэгцээт А амин дэмээр бүрэн хангаж чаддаг.
0 comments:
Post a Comment