Wednesday, July 9, 2014

Би түүний үргэлжлэл ...

  Миний бие нэлээдгүй хугацаанд өөртэйгөө харилцалгүйгээр орон зай цаг хугацааг өнгөрүүлжээ. Хувь заяа, амьдралын замналаар алхахдаа үргэлж өөдрөг номер нэг хэмээн талархаж явсан зүрх минь энэ хугацаанд гуниглан сайн сайхнаа мартагнасан янзтай. 
    Өнгөрсөнд сайн муу асуудал олон тулгарлаа. Хайрлаж хүндэлдэг хүн минь хорвоог орхин одсон нь зовлон үзээгүй надад цочрол болоо юу гэмээр, амьдрал минь зогсонгишжээ. Гэхдээ ийм байх ёсгүй. Өнгөрсөн зовлонгоо бодож ирээдүйн сайн сайханаа тушиж хэрхэв ч болохгүй. Тэр надад итгэдэг байсан. Би түүний үргэлжлэл...
                      Амьдрал үнэхээр баялаг, хайр бүхнээс хүчтэй.

Tuesday, October 2, 2012

Би юунд гуниглав

  Баяр хөөр, бахархал омогшилоор дүүрэн өдрүүдээс эхлээд гуниг, харуусал, бухимдал, шаналалаар эзэмдүүлсэн хоног өдрүүд хүртэл олон өдрийн нарыг хойноо хийжээ би.
      Амьдрал бол тэмцэл, сайн шатарчины сонирхолтой өрөг хэмээн бадрангуй өндөлздөг сэтгэл минь оргилон буцлах цаг мөч холдон холдсоор... Би үүнийг мэдэрч байна. Сэтгэл минь гунигтайхан хөвөлзөнө. 
        Би юуг буруу хийв. Юунд гуниглав?
Зүрх тархиа тэтгэн дэвэргэх зүс минь байна уу
Зөвхөн сайныг ерөөн тамгалах сэтгэл минь байна уу
Зөн билгээр хүсэмжлэн совигнох итгэл минь байна уу 
Зөөлөн зөөлөн харцаараа намуухан угтах амраг минь байна уу 
  Хайр, урамаар бялхан булгилах бүл минь байна уу 
  Харанхуйд ч, гэгээтэйд ч үл долигонох шударга нөхөд минь байна уу 
  Хар санаатны эсрэг зориг нэмэх өвгөдийн минь сүнс байна уу
  Хатуу ширүүн ч сургамж дүүрэн эцгийн минь үгс байна уу 
Өглөө бүр илчээ хайрлах наран та байна уу 
Өмөлзөн зэргэлээтэн бүүвэйлэх нутаг минь та байна уу
Өнчин ишгийг ч өөрийн үр мэт санах өр нимгэн түмэн минь та байна уу
Үүрдийн үүрд уяраан тайтгаруулагч онгод бадраах аялгуу та байна уу
                                                                            Өршөө Намайг
                                                                                     ...би юунд гуниглав...

Sunday, January 15, 2012

Эхийн сэтгэл

   
   Шөнийн 02.25 цаг болж байлаа. Утас дуугарч үүрэгт ажлын хувьд би дуудлаганд гарлаа. Хайлаастын гэх тодотголтой нэгэн айлын дуудлага. Нойр хичнээн хүрч, ядарч байсан ч энэ бол миний сонгосон мэргэжил, бас ажил. Айлын хашааны хаалгаар орж өрх нь гэрэлтэж буй гэрийн зүг яаравчлан алхахын хамт нялх хүүхдийн чарлах чимээ тодрон тодорсоор.

Friday, August 26, 2011

Sunday, August 21, 2011

Чамайгаа санахаар ...

Чамайгаа санахаар ...
Чанга тэврэлтийг чинь санахаар ...
Үүлэн цаанаас наран мандан мишээж
Үлэмж илчээ зүрхэнд минь шингээн бадамлах мэт

Tuesday, August 2, 2011

Зам

     Амьдралын олон салаа замаар замнан яваа найз нөхөд та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье.    
     Олон цэгт мэндэлсэн ч хүний ертөнцийн тавилангаар нэгэн замд огтлолцсон нөхөд минь орчлонгийн жамыг даган зарим нэгэн нь салан одоход уйтгарлан суугаа нөхөр би нэлээдгүйг эргэцүүлнэ. Олныг эргэцүүлэн гунигт автан  ийн суухын зуур  тамхи татдаггүй би хүртэл түүнд дурлан мансуурч, түүний утаа уйтгарын их үүлс мэт намайг нөмрөн суунаглана.

Monday, June 20, 2011

Би салхитай ярилцагч ...

 

Арын сайхан хангайнхаа оргил дээр нь гарч суугаад
Амгалан уужуу амьсгалж  хааяа нэг санаа алдахнээ
Алсад сүндэрлэн цэнхэртэх ноён богд хайрхан
Аальгүй үүлэн дагинасаа наадуулан, завилан мишээх 
                                                                     мэт жаргалтай

Monday, May 30, 2011

Тайвшрал

    Нялх ногооны тансаг үнэрт амьсгал уужирч, хээрийн салхинд илбүүлэн, хөдөө нутгийн ариун  сайхныг ажиж хэвтэхийн жаргалыг бий сайн санадаг. Сүргийн бэлчээрт хонь хариулж явсан хүү надад, тэр л цаг мөч жинхэнэ тайвшралыг бэлэглэдэг байлаа. Хүний хорвоод хийсэн бүтээсэн зүйлтэй үлдэхийн ухаанаар, эрдмийн мөр хөөсөн минь намайг урт бас гэгээлэг замд нэгэнтээ хөтөлсөн. Миний өнөөдрийн зогсоол түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатар нийслэл хот.  

Wednesday, May 25, 2011

Зүүдлэлээ ...

Би түүнийг зүүдлэлээ
Булбарайхан царай нь мишээж байгаагаар зүүдлэлээ
Борхон зүрх минь хүсэж байснаараа зүүдлэлээ
Би түүнийгээ зүүдлэлээ

Monday, May 23, 2011

Амьдралын өмнө

    Энэхүү бичлэгийг уншиж байгаа эрхэмсэг хүмүүн танд энэ өдрийн бас шөнийн мэнд хүргэе. Блогтоо бичлэг оруулалгүй удсандаа хүлцэл өчье. Надад болон миний блогт хандан зурвас үлдээсэн нийт анд найзууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа мөн илэрхийлье.
    Блогтоо бичлэг оруулаагүй өнгөрсөн богинохон цаг хугацаа миний хувьд нэлээдгүй завгүй бас тун чухал үе байлаа. Сургуулиа төгсөх гэж шалгалтууд ар араасаа цувраад, нэг хэсэг толгой өндийлгүй ном уншлаа. Тэгээд нэг шалгалтууд дуусаж жаахан амсхийгээд байтал хонхны баярын уур амьсгал ид өрнөж эхлэх нь тэр. Тун удалгүй тангарагийн баяр ч болж хүсэн хүлээсэн ромбо дипломоо авав. Диплом, их эмчийн тамгаа аваад анх удаа дарж үзсэн тэр мөч миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг болон үлдсэн.  
  Ингээд маргааш нь, ажил амьдралын талаар төдийлөн нухацтай бодолгүй, аз жаргалтай явсан оюутан нас өнгөрч амьдрал ганцхан алхамын цаана ирэх нь энэ.

Monday, April 25, 2011

Их хааны маань тухай ном бага санал авах учиргүй


    Чингис хааны Монголын түүхийг яруу сайхнаар өгүүлсэн "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан" ном AMAZON.COM-ийн 2011 оны ШИЛДЭГ НОМ-ын сүүлийн даваанд өрсөлдөж эхэллээ. Эхний дөрвөн даваандаа итгэлтэй ялж ирсэн ч сүүлийн давааны өрсөлдөөн Чингис хааны тухай номын хувьд маш хүнд байна. Одоогоор Чингис хааны маань тухай ном 46:54 харьцаагаар ялагдаж явна.
    Вьетнамын дайны тухай өгүүлэх “Matterhorn” хэмээх өрсөлдөгч ном нь AMAZON.COM –ын оны шилдэг номоор шалгарч байсан хүчтэй өрсөлдөгч юм. Энэ номын ард Вьетнамын дайны ахмадуудын нийгэмлэг бий бөгөөд хүчтэй байнгын санал өгөлтөөр хоёр өдрийн турш манлайлж явна.
    Хэрвээ "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан" ном энэ өрсөлдөөнд ялбал 2011 оны уншигчдын таалалд хамгийн их нийцсэн дэлхийн шилдэг сонсдог ном цомын эзэн болох юм. Үүний цаана Монгол орны түүх, соёл, өнөөгийн улс орны маань сурталчилгааны томоохон боломж бий юм.
    Дөч гаруйхан жилийн өмнө болсон бүс нутгийн шинжтэй тулалдааны үйл явц нь 800 жилийн өмнө дэлхийн түүхийг өөрчилсөн бидний аугаа их өвөг дээдсийн түүхээс илүү үнэ цэнэтэй, илүү ач холбогдолтой байх учиргүй.
   Иймд интернет хэрэглэгч нийт монгол уншигчиддаа энэхүү санал асуулгад маш идэвхтэй оролцохыг уриалж байна. Ирэх долоо хоногийн даваа гаригийн шөнө буюу 4 сарын 25-ны шөнө гэхэд дэлхийн шидэг ном шалгарчихсан байх болно. Түүнээс өмнө амжиж өдөр бүр боломж бүрийг ашиглан санал өгнө үү.
    Бид дор хаяж 10 000 санал өгч байж энэхүү өрсөлдөөнд ялах юм. Арай ч дээ, бүхэл бүтэн улс, үндэстэн байж Их хааныхаа нэр төрийг өргөсөн номын төлөө нэг нийгэмлэгийн гишүүдээс бага санал өгөх учиргүй.
Дараах хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
www.jwf.mn

Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP