Monday, May 30, 2011

Тайвшрал

    Нялх ногооны тансаг үнэрт амьсгал уужирч, хээрийн салхинд илбүүлэн, хөдөө нутгийн ариун  сайхныг ажиж хэвтэхийн жаргалыг бий сайн санадаг. Сүргийн бэлчээрт хонь хариулж явсан хүү надад, тэр л цаг мөч жинхэнэ тайвшралыг бэлэглэдэг байлаа. Хүний хорвоод хийсэн бүтээсэн зүйлтэй үлдэхийн ухаанаар, эрдмийн мөр хөөсөн минь намайг урт бас гэгээлэг замд нэгэнтээ хөтөлсөн. Миний өнөөдрийн зогсоол түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатар нийслэл хот.  
   Хэдийгээр олон хөлийн газар нэлээд хэдэн жилийг өнгөрөөж би гэдэг хүн бараг ууссан ч гэлээ өнөөх тайвшралыг мартаж даанч чадна. Хэзээ нэгэн цагт, заавал... гэсэн бодлоо тээн дэмий өөрийгөө аргацаасаар зүрх сэтгэл минь хэрэндээ л хүндхэн ачаа үүрснийг саяхнаас л би анзаарлаа. Өнөөх тайвшралаа санагалзахын эрхээр хааяа хотоос гардаг ч бас л биш. 
  Ингээд  тэр л мэдрэмжээ олохын тулд олон арга хэрэглэж, хэдий яг биш ч гэлээ их бага хэмжээгээр би тайвшралыг олсоор ирсэн. Тэдгээрийн нэг нь яг одоо миний товшин суугаа цахим ертөнц. Энэ л орон зайг ашиглан өөрийн хүссэнээ өгүүлж, дотоод сэтгэлийнхээ бүхий л мэдрэмжийг аль чадахаараа илэрхийлэн, булингартай бас тунгалаг хэсгийнхээ аль алинаас бусадтай хуваалцах нь надад томоохон тайвшралыг олгодог. Тиймээ би энд хайр харуусал, баяр гуниг бэрхшээл, бас бусдыг гэх чин хүслээ аль болох чангаар илэрхийлэхийг хүснэ. Энэ нь надад үнэр нь хүртэл үл мартагдах уулсынхаа энгэрт дуулах мэт санагддаг. Даанч өнөөх мэдрэмж арайхан биш хэвээр. 
   Гэхдээ тэр мэдрэмжээ эргэн нэг олж алдалгүйгээр амьдрах цаг удахгүй гэдэгт би итгэлтэй байна. Тэр хүртэл миний тайвшралын нэгээхэн орон зай бол блог хөтлөх цахим орон зай. 
   Найз минь чамд ч гэсэн зүрхнийхээ ачаанаас нимгэлэх өөрийн арга байгаа гэж итгэж байна. 
Тайвшрал - сайхан амьдрал.
Энийг уншив: Тайвшралжиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP