Гэхдээ эмэгтэй хүнийг дээдлэх Майдарын эринд эмэгтэй хүн эрэгтэй хүнийг захирч дарангуйлж
Эмэгтэйчүүд нь энэ зуунд гайхалтай хурданаар, олон талбарт эрчүүдийг гүйцэж түрүүлсэний зарим нь бөх барилдах, хүндийг өргөх , тамхи архи хэрэглэх зэрэг газар аваад баймааргүй гаж үзэгдэлүүд байна. Тэд өөрт оногдсон байгалиас заяагдсан эрх үүргээ давуулан эдэлж, шууд эрчүүдийнхээ давуу эрхэнд халдвал, бас л зохицол тэнцвэр алдагдан санаанд оромгүй гамшиг удаж болно.
Эмэгтэй хүний хамгийн эрхэмлэх зүйл бол гоо сайхан нь мөн. Гоо сайхны эх булаг нь түүний энэрэл асарлын сэтгэл нь байдаг. Зүрх сэтгэлээр ядмаг гоо сайхан гэдэг тохиолдлын чанартай түр зуурын бөгөөд, намар оройн навч адил гандаж хийснэ.
Зүрх сэтгэл гэгч агуу соронзон л хүнийг хүн болгодог. Зүрх сэтгэл бол сансрын төвийн хүний бие дэх бяцхан загвар юм. Чухам ариуссан зүрх нь л хүнийг бурхад, хувилгаад, дагинас болгон хувиргадаг билээ.
Гёте “эмэгтэй хүн гэдэг чинь эрчүүд бидний гоо сайхныг эрэлхийлэн хайх, гунигаа юүлэх цор ганц сав юм шүү” гэж хэлсэн байдгийг сануулахад илүүдэх юун. Эрчүүд та нар ханилсан хань, дурласан бүсгүйнхээ сэтгэлийг нь ойлгож хайрла. Гадаад үзэмж сэтгэлийн зөвхөн тусгал юм. Сэтгэлийг нь гундаалгүй хайрласан хайр тань үнсгэлжин охин гоо үзэсгэлэнт гүнж болж хувирсанаас ч илүү ид шидийг амьдрал дээр ч гарцаагүй үзүүлнэ.
Ертөнцийн оршин тогтнох гол хууль эерэг сөрөг цэнэг идэвхтэй, идэвхгүй зарчмуудын таталцал нэгдэл хамтын туйрвал билээ. Энэ хууль эрэгтэй, эмэгтэй хүний зүрх сэтгэлийн холбоонд тод томруун илэрдэг. Эрчүүд будмал нүүр, цаг зуурын хөнгөн шохоорхолоор өөрсдийгөө хязгаарласанаар өөрсдийгөө хохироож, оюун санаа, бие сэтгэлээ сулралд оруулж эхэлжээ. Бие сэтгэлийн хяналт төлөвшил сахилга хөдөлмөрийг хувь хүнээс шаарддаг, хайрлах хүнээ сэтгэлийн дээд функцийг хэрэгжүүлэхийг чармайсанаас эх зах эцэс төгсгөлгүй зугаа цэнгэл хөөцөлдөн таваргах нь хавьгүй хялбар байдаг ажээ. Тэгээд амар хялбар замыг сонгож бага залуугаасаа тийнхүү сексийн энергийг хамаа замбараагүй үрсэнийхээ шанд эр хүн яагаа ч үгүй эрт 40 хүрэв үү үгүй юү бэлгийн сулралд ордог ажээ.
Гэтэл хүний бие махбодид оршдог үндсэн зөнгийн нэг үр удмаа үлдээх зөн нь замбараатай нарийн хэмнэлттэй зарцуулагдаж сублимацлагдах замаар соёл иргэншил шинжлэх ухаан, урлаг үүссэн хэмээн өрнийн психоанализд үздэг.
Америкийн алдартай сэтгэл судлагч Э.Фромм “Хайрлах гэдэг бол хөнгөн шохоорхол боловсорч амжаагүй ямар ч түвшний хүний хамаагүй туршиж үздэг нялуун мэдрэмж биш юм. Хүн өөрийгөө бие хүний хувьд бүхэлд нь илүү идэвхитэй хөгжүүлэх бүтээлч чиглэлийг зорилгоо болгоогүй цагт хайрлаж дурлах хэмээсэн бүх оролдлого нь бүтэхгүй. Хайр сэтгэлдээ сэтгэл ханамжтай байх нь дотны хүнээ хайрлах авьяас, хүнлэг чанар, эр зориг, итгэл үнэмшил, сахилга батгүйгээр байж болшгүй” гэж 1962 онд хэвлэгдсэн “Хайрлах урлаг” бүтээлийнхээ оршилд бичжээ.
Хайр хэмээх ойлголт асар өргөн хүрээтэй бөгөөд мөн чанар нь ариун тэнгэрлэг билээ. Жижиг сажиг, аахар саахар үйлдэлд нэгэн томоохон үйлдэлд зарцуулагдсанаас илүү энерги зарцуулагдана.
Жинхэнэ хайр бүтээл туурвил танин мэдэхүй ашиг тустай үйлдэлд зарцуулагдах учиртай энергийг хямдхан дорд цэнгэл зугаанд үрэх нь энэ биеийн эрүүл мэнд байтугай генд ч нөлөөлөх аюултай. Сул дорой амьтны үр төл адилхан сул дорой төрдөг жамтай.
... үргэлжлэл бий ...
0 comments:
Post a Comment