Tuesday, September 21, 2010

Бухимдал


     Миний амьдрал үргэлжилсээр ... Сайн бас тааруухан гэх олон үйл явдлууд цаг үргэлж ээлжилсээр ... Би заримдаа ухаантай байж чаддаг. Харин нэлээдгүй тохиолдолд огтхон ч чадахгүй. Уурлаж бухимдан бүхнийг байгаагаас нь дордуулж орхино. Гэхдээ би аль болох сайн сайхан амьдрахыг л хүснэ. Бүгд л түүнийг хүсдэг. Тохилог орчинд, тохилог орон гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ, хөгжилтэй яриа өрнүүлэн аз жаргалтайгаар аж төрөхийг, бас хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг  би эрмэлздэг. Гэхдээ тийм байхад саад олонтаа байх юм.
     Бас  л нэг сорилт гэж би бага зэрэг тайвширна. Үүнийг даваад гарах ёстой. Асуудлыг хүндрүүлж болохгүй. Аятайхан зөв зохицуулж ухаантай байх хэрэгтэй гэж хоёр удаа тайвширна. Харин гурав дахь удаагаа “надад бүх юм байна, би юугаар ч дутаагүй, би азтай хүн” хэмээн арайхийн тайвширна. Даанч би тэрнээс ч олон удаа биеэ барих шаардлагатай бололтой.
     Би уг нь хэнд ч гэм хийгээгүй санагдана. Гэвч ийм шалгуурыг амьдрал надад тавьсаар л байна. Магадгүй миний төсөөлдөг сайн сайханд хүрэх шалгуур нь энэ байх. Би шалгалтаа одоогоор онц буюу хангалттай өгөөгүй бололтой. Тэглээ ч гэсэн би муудаагүй. Надад бүх юм байна. Харин одоо би бүх хүнд бүх юмыг өгөхийг л хүсч байна. Тэр нусаа хацартаа наасан бяцхан жаал, бас ирээдүйн мисс болохыг хүсдэг жаахан охин гээд л. Хэрвээ энэхүү хүсэл минь биелнэ гэвэл би нэг ч удаа бухимдахгүй байхад бэлэн байна.  Бас надад нэг, хоёр, гурав гэхчилэн тайвшрах шаардлага ч байхгүй болно. Магадгүй бухимдлаа таягдан хаях мөчид хүсэл минь биелэхэд нэлээд ойртсон байх биз. Гэхдээ би нэг л зүйлд итгэлтэй байна. Хүсэл минь биелэх үед би бухимдал гэдгийг бас энэхүү тэмдэглэлийг бичиж сууснаа ч ор тас мартсан байх болно.
     Би ч, чи ч бухимдлаа мартах хэрэгтэй. Аз жаргал ойрхон бий ... Хажууханд ...
Энийг уншив: Бухимдалжиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP