Wednesday, June 9, 2010

Хязгааргүй ...

      Энэ хорвоо ертөнцөд амьдрал бас үхэл гэж бий. Амьдрал үхлээс илүү сайхан. Харин аль алинаас нь илүү сайхан нэгэн зүйл байдаг.
Энэ бол хайр сэтгэл.
      Бурхнаас заяасан энэхүү эгэл биш мэдрэмжийг хүн бүр амталж баясч байдаг. Гагцхүү жинхэнэ хайрыг мэдэрч хэн нэгнийг хайрлаж, хайрлуулсанаараа энэхүү мэдрэмжийн гоо сайхныг олж ухаарах билээ.
      Хайр сэтгэлийн нэрийг барин хардах, атаархах, хорсох, өмчирхөх, бусдад хор хүргэх зэрэг олон олон онцгүй үйлдлийг үзүүлэх өөр бусад сэтгэлийн мэдрэмж төлөвүүд бас сайны хажуугаар саар гэгчээр байна аа. Гэхдээ аливаа бүхэн хоёр талтай байдгийн адилаар хайр сэтгэлийн хажуугаар мунхаг төлөвүүд бас дутахааргүй байдаг нь хайр сэтгэлийг улам ч илүүтэйгээр тодотгон өнгөлж тэднээс ялгаж өгөх мэт.
      Харин хайр сэтгэлд хязгаар гэж байх ёсгүй. Гэтэл хүмүүсийн нийгэм сэтгэхүй, байрлал, нутаг ус, хөгжил дэвшил, хөрөнгө чинээ, шашин шүтлэгээс авахуулаад хайр сэтгэлд хязгаар тавих хүсэлтэй олон зүйлс байх юм. Гэхдээ л хайр үл бууж өгсөөр. Нэгэнтээ хайр сэтгэлд эзэмдүүлсэн хэн нэгэн дээрх зүйлсийн эсрэг дүрэлзэн огших хайрын хүчээр тэмцсээр. Гэвч шантарч туйлдах нь ч бас байх юм.
      Ер нь яагаад хайранд ямар нэг хязгаар байх ёстой гэж. Тийм бол энэ хайр мөн гэж үү. Нэлээд олон хязгаарлах хүчин зүйлс байгаагаас шашин ч бас хувь эзэлдэг байна. Өөр шашинтай хосуудын хувьд нэлээд хүндээр тавигддаг асуудал юм шиг. Хүний дотоод итгэл үнэмшилтэй холбоотой болохоор арга ч үгүй биз. Гэхдээ бас тийм биш бололтой. Учир нь шашин үүнд нөлөөлөх биш, тэдний хоорондын бие биесээ үгүйсгэх тэрхүү зөрчилдөөн нөлөөлөх юм.
      Бүх л шашин сайн сайхны тулд шүү дээ. Юунд зөрчил үүснэ вэ? Тэгэхээр энэ нь өөрийн итгэн үнэмшидэг шашинаа бүрэн ухаж ойлгоогүй, аминчхан сэтгэлт хүмүүний үйлдэл гэлтэй.
      Христийн, Буддын, Лалын гээд өөр бусад ямар ч шашины төлөөлөгч итгэгчдээс өөрийнх нь итгэдэг шашин юуны төлөө байдгийг нь асуувал нэгэн дуугаар сайн сайханы төлөө л гэнэ.
      Оросын алдарт зөн билэгтэнээс "Та яагаад янз бүрийн шашины эд зүйлс цуглуулдаг юм бэ?" гэж асуухад тэрээр: "Бүх гол мөрөн урссаар урссаар нэг л далайд цутгадаг шүү дээ" хэмээн инээмсэглэсэн гэдэг. Угтаа тэрээр бүх шашин эцсийн эцэст нэгэн цэгт уулзана гэдгийг л хэлсэн хэрэг. Тиймээс хэн нэгний шашинг үгүйсгэх, дорд үзэх, буруушаах нь яах аргагүй хамгийн мунхаг, бүдүүлэг үйлдэл бөгөөд түүгээр дамжуулан хайр сэтгэлдээ хүрээ, хязгаар бий болгох нь туйлын утгагүй хэрэг юм шүү. 

Та хайрла!
Үүнд шашин лав хязгаар тавих ёсгүй.
Энийг уншив: Хязгааргүй ...жиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP