Monday, June 7, 2010

Хүний үр

     Хотын гудамжаар холхилдон алхах олон хүний хөлийн тоос, зам дээр түгжрэн орилолдох машинуудын утаа тортогт дарагдан түүгээр амьсгалж, урд шөнө гадаа унтаад дааран нойр авч чадаагүйдээ өдрийн нарны илчинд жаахан ч болтугай бие нь тэнийж, даанч ингээд зогсохгүй ходоод нь дэндүү ихээр өлсөхийн эрхэнд дуу дуулж, зарим нь гуйлга гуйн, хулгай хийж байгаа, нялх дүүгээ тэвэрсэн ч харагдах, бүр жааханаас авахуулаад дуу дуулахтайгаа болсон насны олон олон "гудамжны" гэх хүүхдүүдийг хараад сэтгэл минь шимшрэх юм. Хүний хорвоо даанч хатуу гэлтэй.

       Монгол хүний удам уг нь ийм замаар хүмүүжих ёсгүйсэн. Тэднийг МОНГОЛ хүний үр зулзага гэхэд дэндүү харамсмаар. Хар бага наснаасаа хулгай дээрэт хийхийг харж, хамаг муухай булай бүхнийг үзэж, бас туулж, амсаж яваа тэдний ирээдүй гэрэл гэгээтэй, сайн сайхан байна гэж төсөөлөхөд даанч үгүй шүү дээ.
      Амьдрал сайхан байна болж байна гэх авч болохгүй зүйл нь бүр эсрэг зүгт зүтгэх мэт. Төрөөс ард түмэндээ өгөх хишиг л гэнэ, тэдгээр хүүхдүүд ингэхэд 70 мянгаа аваа болов уу. Би лав үгүй гэдэгт итгэлтэй байна. Төрийн хишиг байтугай төр гэж юу байдгийг ч мэдэхгүй л ходоод нь өлсөж суугаа болов уу даа.
      Зарим нь эцэг эхгүй, зарим нь эцэг эхтэй, аль эсвэл хэн нэгэн нь байхгүй олон янз л байдаг юм шиг. Эцэг нь, эх нь ямар хүн байдаг бол. үр зулзагаа тэгж орхидог, хараад сууж байдаг бол ямар хүмүүс нь ойлгомжтой. Чоно хүртэл бэлтрэгээ үлдээлгүй хонины гүзээнд хийж зуугаад гүйдэг байтал тэдгээр эцгүүд, тэдгээр эхчүүд ...
      Энэ хүүхдүүд өл залган энд тэнд хоргодсоор амьд үлдэж чадвал ирээдүйд эцэг эхчүүд болно. Хамгийн эмгэнэлтэй тэд өөрсдөө эцгийн хайр, эхийн хайр гэгчийг ядахнаа гадарлаж байгаа болов уу. Хэрвээ үгүй бол тэдний хүүхдүүд хэрхэн яаж хүмүүжих вэ?
     Энэ мэтээр юу болох вэ?
     Тэдний дунд бас нэгэн дэлхий нийтийн жигшил болсон Гитлер хүмүүжиж байх вий ч гэж айх шиг. Гэхдээ үгүй байх аа.
     Нэгэнт монголд ийм амьдрал харагдаж байна. Дэргэдүүр нь өнгөрч яваа хүмүүсийн дунд хэдэн цаас шидлээд цааш одох нь байхад ам хамраа таглан ярвайн зэвүүцэх нэг нь ч байна. Тэр ч бүү хэл зодож, хаалга үүднээс холд, зайл гэхчилэн хөөх нь ч ажиглагдах юм.
                                                   Өглөггүй буян
                                                   Үйлийн үргүй нүгэл гэж байдаггүй.
     Өнөөдөр өмсөх хувцастайгаа, идэх хоолтойгоо амьдарч байгаа тэр хүмүүсийн өөрсдийнх нь үйлийн үрийг тэдгээр бяцхан хүүхдүүд үүрч яваа гэдгийг нэг нь ч болтугай ухамсарлаасай. Хэрвээ та өнөөдөр өлсөхгүй байвал хэн нэгэн хаа нэгтээ өлсөж л байгаа. Магадгүй таны өмнөөс...     
     Тэгвэл тэдэнд тусламж хүргэн баярлуулж, гийгүүлэхгүй юмаа гэхэд зэвүүцэн жигшилгүйгээр тэднээс зүрх сэтгэлдээ уучлал гуйгаасай.

   Бурхан, байгаль дэлхий анх хүний тавиланг тийм ч муухайгаар зураагүй байх. Гагцхүү түүний өгсөн хишгийг хэрхэн хүлээн авч яваа нь өнөөдрийн хүн төрөлхтний амьдралаас харагдана. 


Яагаад? Яагаад ийм байх ёстой гэж?
Энийг уншив: Хүний үржиргэе!

0 comments:


Blogobo

  © Blogger templates Newspaper III by Ourblogtemplates.com 2008

Back to TOP